Зөвлөмж №5: Хуулийн фирмийн брэндинг

Зөвлөмж №5: Хуулийн фирмийн брэндинг


1. Хуулийн фирмийн брэнд, брэндинг гэж юу вэ? 

Википедиагийн тодорхойлсноор брэнд гэж “Хэрэглэгчийн нүдээр аливаа байгууллага эсвэл бүтээгдэхүүнийг өрсөлдөгчдөөс нь ялгах бүх зүйлс”-ийг ойлгоно. 

Харин брэндинг гэдэг нь “хэрэглэгчийн сэтгэлзүйд удаан хугацааны сэтгэгдэл үлдээхэд чиглэсэн, байгууллага эсвэл бүтээгдэхүүнийг өрсөлдөгчдөөс нь ялгахад туслах маркетинг болон харилцааны арга хэрэгслүүдийн цогц” юм. 

Хуулийн фирмийн брэндинг яагаад чухал вэ?

Брэнд болон брэндингийн тодорхойлолтыг сонсоход магадгүй танд хуулийн фирмд хамааралгүй мэт сэтгэгдэл төрж байж болох юм. Ихэнх хуулийн фирм өөрийн брэндийг бий болгох тал дээр анхаарал хандуулдаггүй хэдий ч тэдэнд брэнд байдаг ба зах зээл, үйлчлүүлэгчид, харамсалтай нь өрсөлдөгчид нь ч гэсэн брэндийг нь анзаарч, тэдэнд тодорхой сэтгэгдэл төрүүлж байдаг. Учир нь танай боломжит үйлчлүүлэгч танай фирмд ирэх, вэб хуудас, сошиал хуудсыг чинь үзэх, танай хуульчтай уулзах зэрэг ямар нэгэн байдлаар харилцах болгонд тухайн хүнд ил болон далд ямар нэгэн сэтгэгдэл төрж байдаг. Хэрэв та өөрийн брэндийг бий болгоход анхаараагүй тохиолдолд боломжит үйлчлүүлэгчиддээ буруу сэтгэгдэл төрүүлэх магадлалтай. Танай фирм хичнээн туршлагатай, чадварлаг байсан ч танай брэнд сул бол үүнийг чинь үгүй хийж мэдэх юм. 

Танай брэнд:
• Нэгэн жигд. Танай фирмийн вэб хуудас, сошиал хуудас гэх мэт бүхий л зүйлээс танай фирм үнэртэж байх ёстой. 
• Тодорхой. Танай боломжит үйлчлүүлэгчид танай бусдаас ялгарах онцлогийг бараг л шууд хараад ойлгох ёстой. 
• Бодитой. Танай үйлчлүүлэгч хэн болох, танай фирмд ямар брэнд бий болгохыг ойлго. 
• Бусдаас өөр. Зах зээлийн хийдлийг олж, бусад фирмийн бий болгоогүй брэндийг бий болгохыг эрмэлз.

2. Та фирмийнхээ брэндийг бий болгохоос өмнө дараах асуултуудад цаг гарган хариулаарай. Үүнд:
1. Манай зорилтот үйлчлүүлэгч хэн бэ? (хувь хүмүүс, жижиг компаниуд, гэмт хэргийн сэжигтнүүд гэх мэт). 
2. Манай фирмийг хүмүүс хэрхэн хүлээж аваасай гэж хүсч байна вэ? (өндөр зэрэглэлийн гэх мэт).
3. Би үйлчлүүлэгчиддээ ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байна вэ? (хурдан шуурхай, хариуцлагатай гэх мэт).
4. Биднийг юу бусдаас өөр болгодог вэ? (нарийн мэргэшил, туршлага гэх мэт).
5. Манай өрсөлдөгчид брэндээ хэрхэн бүрдүүлсэн байна вэ?

Дээрх асуултын хариултуудаас нийтлэг шинжийг нь тодорхойлж, бизнесийн эрхэм зорилго, зорилтот үйлчлүүлэгчдэд төрүүлэх сэтгэгдэл болон брэндийн стратегиа нэгдсэн шугамд оруулах хэрэгтэй. Жишээ нь танай зорилтот үйлчлүүлэгч гэр бүлийн маргааны нэг тал бол тэдгээр хүмүүс нь янз бүрийн давхаргын хүмүүс байх боломжтой тул дээд зэрэглэлийн гэсэн брэнд бий болгох нь боломжит үйлчлүүлэгчдийг түлхэх эрсдэл бий болгоно.

3. Харагдах байдал

Байгууллагын брэндийн талаар ярихад хамгийн түрүүнд хүмүүсийн толгойд орж ирдэг зүйл бол харагдах байдал. Үүнд жишээ нь дараах зүйлс багтана:
• Фирмийн нэр,
• Хуулийн салбарт тохирсон, энгийн лого,
• Нэрийн хуудас, вэб хуудас, сурталчилгаа зэрэг фирмийн бүхий л зүйлд ашиглагдах өнгөний хослол, загвар,
• Фирмийн ашигладаг зураг, дүрслэл,
• Фирмийн вэб хуудас, сошиал сүлжээ болон бусад зүйлд байрлуулдаг контентийн төрөл, өнгө аяс. 

Фирмийн харагдах байдал чухал боловч брэндинг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Брэндинг гэдэг нь дан ганц харагдах байдлаас гадна өөрийн байгууллагын бусдаас ялгарах онцлогийг бий болгох цогц үйл явц гэдгийг санаарай.

4. Брэнд гэдэгт харагдах байдлаас гадна өөр юу хамаарах вэ? 

Үзэл баримтлал 

Фирмийн брэндийг бий болгоход чухал эхний алхам нь брэндийнхээ үзэл баримтлалыг бий болгох. Энэ нь танай фирмийг илтгэх богино өгүүлбэр байх юм. Үзэл баримтлалдаа та нар хэн болох, хэнд үйлчилдгээ тайлбарлаж, өөрсдийн хандлагаа тодорхойлох нэг эсвэл хоёр хамгийн чухал тэмдэг нэрийг багтаах нь зүйтэй. Жишээ нь: Хүнд үед тань танд туслах хүнлэг, харилцахад хялбар гэр бүлийн эрх зүйн хуульчид. 

Эрхэм зорилго

“Танай фирм яагаад үйл ажиллагаа явуулдаг вэ?” гэдэг асуултанд хариулснаар өөрсдийн эрхэм зорилгоо тодорхойлох боломжтой. Эрхэм зорилго танай ажилтнууд болон үйлчлүүлэгчдэд та нэр хэн болох, танай фирм юу илэрхийлдэг, танай фирмийг өрсөлдөөн дундаас юу бусдаас ялгаруулдаг болохыг ойлгоход тусладаг. Зөвхөн фирмийн партнер та л эрхэм зорилгоо мэддэг байх нь хангалтгүй. Эрхэм зорилгыг танай бүх ажилтнууд мэддэг байх ёстой. 

Ашигласан эх сурвалж: 
1. The Beginner’s Guide to Branding Your Law Firm,https://www.crispvideo.com/beginners-guide-branding-your-law-firm/ 
2. The Ultimate Guide to Branding for Law Firms.https://www.moorelegaltechnology.co.uk/guides/the-ultimate-guide-to-branding-for-law-firms.html

 


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn