Зөвлөмж №6: Хуулийн фирмийн төсөвлөлт

Зөвлөмж №6: Хуулийн фирмийн төсөвлөлт


Хуулийн фирмийн төсөв гэж юу вэ? 
Хамгийн энгийнээр фирмийн төсөв гэдгийг төрлөөр нь ангилсан зарлагын төлөвлөгөө гэж ойлгож болно. Хэрвээ та хуулийн фирмээ үүсгэн байгуулаад удаагүй байгаа бол төсвөө наанадаж эхлэлийн, сарын, жилийн гэсэн 3 төрөлд ангилах нь зүйтэй. Мөн төсөвтөө эдгээр мөчлөгт ямар орлого олохоор хүлээгдэж байгааг багтаана.

Төсөв гаргах нь яагаад чухал вэ?
Танай хүлээгдэж буй орлого болон төсөвлөсөн зарлагаас танай фирм хир их хүчин чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй, төсөвлөснийхөө дагуу ажиллаж байгаа эсэх болон стратегиа хэрхэн өөрчлөх шаардлагатай болох нь танд харагдах болно. Үүнээс гадна төсөвлөлт нь:
• Асуудлыг үүсэхээс нь өмнө илрүүлэх,
• Танай фирм өмнөх сар, жилүүдтэй харьцуулахад хэрхэн ажиллаж байгааг тогтоох,
• Эрсдэлийг удирдах, багасгах зэрэг давуу талтай. 
Хуулийн фирмээ төсөвгүй удирдах нь өмнө нь ирж байгаагүй хотод газрын зураг, GPS-гүйгээр машин барьж явахтай адил. Та ингэж явж болох ч та ямар ч бодит төсөөлөлгүйгээр ажиллаж байна гэсэн үг юм.

Хуулийн фирмийнхээ төсвийг гаргах 11 алхам

1. Зах зээлийн стандартуудыг судал.
Хуулийн фирмийн төсөвт багтаавал зохих зүйлсийн талаар эх сурвалж хангалттай байдаг. Хуулийн фирмийн санхүүгийн суурь ойлголтуудыг мэдэж аваарай. 
2. Төсвийн загвар бэлд эсвэл татаж ав. 
Фирмийнхээ хэрэгцээнд тохирсон талбаруудыг багтаасан төсвийг Excel дээр үүсгэ. Эсвэл хуулийн фирмүүдэд зориулсан төсвийн бэлэн төслийг интернетээс татаж аваарай. 
3. Бодит орлогоо тооцоол. 
Энэ жил үйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд танай фирм яг хэдий хэмжээний орлого зайлшгүй олсон байх шаардлагатай вэ? Жилийн зайлшгүй олох шаардлагатай орлогоосоо сард, долоо хоногт зайлшгүй олох шаардлагатай орлогоо тооцоолон гаргаарай. 
4. Санхүүгийн эх үүсвэрээ тооцоол.
Та хуулийн фирмээ дөнгөж үүсгэн байгуулаад байгаа бол таны эхлэлийн санхүүгийн эх үүсвэр танай үйл ажиллагааны орлого биш, харин фирмээ үүсгэн байгуулснаас үйлчлүүлэгч олж, орлого олж эхлэх хүртлээ фирмдээ оруулах шаардлагатай санхүүжилт юм. Энэ нь таны хувийн хуримтлал, кредит карт, банкны зээл, ойр дотнын хүмүүсээс авах зээл зэргээс бүрдэж болно. 
5. Тогтмол зардлаа тооцоол.
Тогтмол зардал гэдэгт сар бүр ижил хэмжээгээр гарах зардлыг ойлгоно. Жишээ нь: түрээсийн төлбөр, цалин, интернет, утасны төлбөр гэх мэт. 
6. Хувьсах зардлаа төлөвлө.
Энэ нь тодорхой хүчин зүйлүүдээс хамаарч сар бүр тогтмол биш байдаг зардал юм. Түгээмэл байдаг хувьсах зардалд маркетингийн зардал, томилолт, арга хэмжээний зардал гэх мэт багтана. 
7. Нэг удаагийн зардлуудаа урьдчилан таамагла.
Оффисын тавилга, тоног төхөөрөмж, нэрийн хуудас зэрэг нэг удаагийн зардлаа фирмийнхээ санхүүгийн эх үүсвэртээ нийцүүлэн, фирмийнхээ стратеги болон санхүүгийн эх үүсвэрээсээ хамааран тана эсвэл нэмэгдүүл. 
8. Нөөцтэй бай.
Зарлагын хэсэг дэх бүх зарлага дээр 5-10%-ийг нэмж, эсрэгээрээ орлогын хэсэг дэх дүнгээс 5-10%-ийг хасч тооцоолж, эрсдэлийн нөөц санг бий болго. 
9. Нийт ашгаа тооц.
Гаргасан орлого, зарлагын тооцооллоосоо нийт ашгаа тооцоол.
10. Тохируулга хий.
Хэрэв та төсөвлөсөн ашигтаа хүрч чадахааргүй байгаа бол зарлагаа танах, нэг удаагийн худалдан авалтыг хойшлуулах, борлуулалт (хийж буй ажлын тоо)-аа нэмэгдүүлэх арга хэмжээ авч болох юм. Төсвийн жил өнгөрөх тутам орлого, зарлагын дүн тодорхой болоход эдгээр дүнг бодитоор нь төсөвтөө тусгах нь зүйтэй. 
11. Энэ талаар бод, ярь.
Эцэст нь, фирмийнхээ төсвийн талаар байнга бодож, өөрийн итгэдэг хүмүүстэйгээ ярилц.

Дүгнэлт
Та хуулийн фирмээ дөнгөж үүсгэн байгуулж байгаа эсвэл фирмийнхээ санхүүг илүү нухацтайгаар авч үзэхээр төлөвлөж буй аль аль тохиолдолд хуулийн фирмийн төсөв бол танай байгууллагын төлөвлөлтийн чухал хэсэг юм. Энэ нь танай байгууллагын суурийг баттай бий болгоход туслах болно.

Ашигласан эх сурвалж: https://lawyerist.com/finance/budgeting/

https://www.facebook.com/www.elawyer.mn/posts/524525071399951?__tn__=K-R


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn