Хуульчийн ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүрэг

Хуульчийн ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүрэг


  1. Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7 дэх заалт болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1.11 дэх хэсэгт хуульч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх нийтлэг үүрэг хүлээхээр заасан. Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.6 дахь хэсэгт ашиг сонирхлын зөрчлийн талаар дэлгэрэнгүй зохицуулсан. 2.6 дугаар зүйлийн 1-т “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд хуульч үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нь ТУХАЙН ХУУЛЬЧИД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БИЙ БОЛГОХООР БАЙВАЛ үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.” гэж заасан.

Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ашиг сонирхлын зөрчил гэдэгт дараах тохиолдлын аль нэгийг ойлгохоор заасан. Үүнд:

2.1. нэг үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх нь тухайн хуульчийн бусад үйлчлүүлэгчийнх нь шууд эсрэг байх;

2.2. урьдын үйлчлүүлэгч, бусад үйлчлүүлэгч, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хуульчийн үүрэг, эсхүл хуульчийн хувийн ашиг сонирхол нь түүний үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээг хязгаарлах бодит эрсдэл бий болох.”

  1. Ашиг сонирхлын зөрчлийг тайлбарлах нь

Хуульч, үйлчлүүлэгч хоорондын харилцаанд үнэнч, хараат бус байдал нэн чухал. Үйлчлүүлэгчийн хувьд хуульчийн үнэнч байдал нь зүгээр ч нэг мэргэжлийн ёс зүйн үүрэг төдий бус. Хуульчийн үйлчилгээг авч буй үйлчлүүлэгчид хуульч нь өөрийнх нь ашиг сонирхлыг чин сэтгэлээсээ хамгаалж, түүний ашиг сонирхлын эсрэг үйлдэл, эс үйлдэхүй хийхгүй гэсэн итгэл найдварыг тээж байдаг. Хуульчийн ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүрэг нь үйлчлүүлэгчийн энэхүү итгэлийг хамгаалахад чиглэгдсэн.

  1. Хуульчид ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Хуульчийн мэргэжлийн дүрэмд заасан ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд хуульчид дараах арга хэмжээ авах нь зүйтэй. Үүнд:

  1. Үйлчлүүлэгч нь хэн болохыг тодорхой болгох. Ялангуяа хуулийн этгээд болон нэгээс олон тооны хоорондаа хамаарал бүхий этгээдүүдэд үйлчилгээ үзүүлэхэд үйлчлүүлэгч нь хэн болохыг тодорхойлох нь нэн чухал.
  2. Ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодорхойлох. Ийнхүү тодорхойлохын тулд хуульч нь өөрийн буюу хуулийн фирмийн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэл, хуулийн фирмийн хэмжээнд тохирсон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх процесстой байх нь зүйтэй. Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд доорх 3 дахь хэсэгт заасан үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөх бүх нөхцөл хангагдсанаас бусад тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах ёстой.
  3. Ашиг сонирхлын зөрчил үүссэн хэдий ч үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөх тохиолдол мөн эсэхийг тодорхойлох. Энэ тохиолдолд:
    1. ашиг сонирхол нь зөрчилдөж байгаа үйлчлүүлэгч бүрийн мэдээлэлтэй зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.  
  1. Үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөх тохиолдол

Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ашиг сонирхлын зөрчил үүссэн ч дараах бүх нөхцөл хангагдсан бол хуульч үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлж болно. Үүнд:

  1. тухайн үйлчилгээг хуулиар хориглоогүй;
  2. хуульч нь тухайн үйлчлүүлэгч бүрт хангалттай мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл гарган зохих үйлчилгээ үзүүлж чадна гэдэгт үндэслэлтэйгээр итгэж байгаа;
  3. хуульчийн нэг үйлчлүүлэгч нөгөө үйлчлүүлэгчийн эсрэг гомдол, нэхэмжлэл гаргаж нэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй;
  4. ашиг сонирхол нь зөрчилдөж байгаа үйлчлүүлэгч бүр мэдээлэлтэй зөвшөөрөл бичгээр өгсөн.
  1. Тодорхой төрлийн ашиг сонирхлын талаарх зохицуулалт

Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.6 дугаар зүйлд заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх ерөнхий зохицуулалтаас гадна мөн дүрмийн 2.7 дугаар зүйлд Санхүүгийн ашиг сонирхлын зөрчлийн талаар, 2.8 дугаар зүйлд Өмгөөллийн нөхөрлөлтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаар, 2.9 дүгээр зүйлд Төрийн албан хаагчтай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаар, 2.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Боломжит үйлчлүүлэгчийн ашиг сонирхлын зөрчлийн талаар зохицуулсныг мөн анхаарах нь зүйтэй.

Ашигласан эх сурвалж:

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль
  2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм
  3. Америкийн Барын Холбооны Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах загвар дүрмийн 1.7 дугаар зүйл. Ашиг сонирхлын зөрчил, энэхүү зүйлийн албан ёсны тайлбар
  4. Professional Responsibility: A Contemporary Approach (Interactive Casebook Series) 3rd Edition, by Russell Pearce (Author), Renee Knake (Author), Bruce Green (Author), Peter Joy (Author), Sung Kim (Author), M. Ellen Murphy (Author), Laurel Terry (Author)

Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn