Хуульч, хуулийн фирмүүд үйлчлүүлэгчтэйгээ харилцах нь

Хуульч, хуулийн фирмүүд үйлчлүүлэгчтэйгээ харилцах нь


Хуулийн ажил үйлчлүүлэгчтэй харилцах харилцаан дээр суурилдаг гэхэд буруудахгүй. Үйлчлүүлэгчдэд дахин хууль зүйн үйлчилгээ авах хэрэгцээ гарах нь цөөнгүй. Мөн урьдын үйлчлүүлэгчид үйлчлүүлсэн хуульч, хуулийн фирмээ санал болгох нь түгээмэл байдаг. Ийм учраас хуульчид, хуулийн фирмүүд үйлчлүүлэгчтэйгээ харилцах харилцаандаа онцгой анхаарал хандуулах шаардлагатай нь зүй ёсны хэрэг. 
Үйлчлүүлэгчид ихэнх тохиолдолд таны өмгөөлөх, баримт бичиг боловсруулах ур чадварыг бодитоор үнэлэх чадвар муутай байдаг. Тэд харин та тэдний дуудлага, и-мэйлд яаралтай хариу өгсөн эсэх, хугацаандаа ажлын үр дүнгээ өгсөн эсэх, хэрэгцээ шаардлагыг нь бүрэн ойлгож байгаа эсэхийг марталгүй санаж байдаг. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчид таны хуульчийн мэргэжлийн ур чадварыг анзаарахгүй өнгөрч болох боловч таны харилцааны хэв маягийг хэзээ ч анзааралгүй өнгөрөөдөггүй. Үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд олон зүйл нөлөөлөх хэдий ч дараах зүйлүүдэд анхаарал хандуулах нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлнө. Үүнд: 

• Дуудлагад хариу өг. Таны ямар завгүй байсан эсэх энд хамаагүй. Үйлчлүүлэгчид ч гэсэн яаралтай асуудал байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тухайн үйлчлүүлэгчийн гүйцэтгүүлж буй ажилд ямар нэгэн ахиц дэвшил гараагүй байсан ч үйлчлүүлэгчийн дуудлагад хариу өгөх буюу нэн даруй эргүүлж залгах хэрэгтэй.

• Мэдээлэл өг. Үйлчлүүлэгчтэйгээ холбогдож түүний ажил ямар шатанд явж байгаа талаар тогтмол мэдээлэл өгөх нь чухал. Хуульчийн ажлын онцлогоос шалтгаалан үйлчлүүлэгчийн танд өгсөн ажил тэдэнд үргэлж маш чухал ач холбогдолтой байдаг. Тухайн ажилд ямар нэгэн ахиц дэвшил гараагүй ч бай үйлчлүүлэгч үүнийг мэдэх хүсэлтэй байдаг. 

• Биечлэн уулз. И-мэйл болон утас нь үйлчлүүлэгчтэйгээ харилцах сайн арга хэрэгсэл хэдий ч биечлэн уулзахыг орлохгүй. 

• Ажил, үйлчилгээний чанарт анхаар. Хэдийгээр мэдээжийн зүйл мэт сонсогдож болох ч чанартай ажил, үйлчилгээ үзүүлэх нь үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээний чухал хэсэг. 

• Ажлын үр дүнг хугацаанд нь хүлээлгэн өг. Та өөрөө ямар нэг бараа бүтээгдэхүүн захиалсан бол худалдагчид юу ч тохиолдсон байсан бараагаа хугацаандаа авахыг хүсэх нь мэдээж. Худалдагч ямар нэгэн шалтгаанаар хугацаа хожимдуулсан бол та дараагийн удаа магадгүй өөр худалдагчаас худалдан авалт хийнэ. Хуулийн үйлчилгээ ч үүнтэй адил. Ажлын үр дүнгээ 1, 2 өдрийн дараа өгөх нь үйлчлүүлэгчид тийм ч ач холбогдолтой биш байсан ч хугацаандаа өгөхийг чухалчил. Үнэхээр хугацаандаа амжихгүй бол энэ талаараа үйлчлүүлэгчдээ урьдчилан нэн даруй мэдэгд. 

• Зөв хандлагатай бай. Үйлчлүүлэгчид заримдаа төвөгтэй шаардлага тавьж болно. Та үүнийг мэдэж байгаа. Гэхдээ та үүнийгээ ил гаргах шаардлагагүй. Үйлчлүүлэгчдээ анхаарал хандуулах, урам зоригтой байх нь үйлчлүүлэгчдийг танд үнэнч байлгахад чухал нөлөө үзүүлнэ. 

• Мэдрэмжтэй бай. Үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай байлгахад бага зэргийн мэдрэмж л хэрэгтэй. Тухайлбал:
o Фирмийн дуудлагад хариулж буй хүн эелдэг, уриалагхан байх,
o Ямагт үйлчлүүлэгчдээ хүндэтгэх,
o Үйлчлүүлэгчийн асуултад хүлээцтэй хандах,
o Боловсруулсан бичиг баримтынхаа алдааг дахин хянах,
o Үйлчлүүлэгчиддээ үнэ цэнэтэй болохыг нь мэдрүүлэх. 

Ашигласан эх сурвалж: 
1. Customer Service Best Practices, https://practice.findlaw.com/practice-guide/customer-service.html,
2. Customer Service in the Law, https://careers.findlaw.com/law-career-management/customer-service-in-the-law.html.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn