Хуульчдад зориулсан цагаа үр бүтээлтэй ашиглах 5 зөвлөмж

Хуульчдад зориулсан цагаа үр бүтээлтэй ашиглах 5 зөвлөмж


Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлага, зайлшгүй дагаж мөрдөх хуулийн хугацаа зэргээс шалтгаалан хуульчид үргэлж завгүй байдаг гэж хэлж болно. Өөрт байгаа цагаа үр бүтээлтэй ашиглах нь үр бүтээмж, ашиг орлого, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай. Цагаа илүү үр бүтээлтэй ашиглахыг хүсвэл дараах 5 зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. 

ЗӨВЛӨМЖ 1: ЦАГ ТӨЛӨВЛӨЛТӨӨ САЙЖРУУЛ
Бид хоногт байдаг цагийн тоог нэмэгдүүлж чадахгүй ч цаг төлөвлөлтөө сайжруулснаар нэг өдөр (7 хоног, сар, жил) илүү их ажил амжуулах боломжтой. Цаг төлөвлөлтөө сайжруулах зөвлөмжүүд:
• Нэг ажлаас нөгөөд шилжих хугацааг багасгахын тулд ижил төсөөтэй ажлуудыг нэг дор хийхээр төлөвлө.
• Илүү хэцүү ажлуудыг хамгийн их эрч хүчтэй, төвлөрсөн байдаг үедээ хий.
• Том ажлыг жижиг хэсгүүдэд хувааж, нэг удаад нэг л зүйлд төвлөрч ажилла.
• Ажил дуусгах хугацааг бодитойгоор тооцоол.

ЗӨВЛӨМЖ №2: ХУАНЛИЙГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАЖ, АЖЛАА АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЭРЭМБЭЛ
Хуулийн хугацаа, үйлчлүүлэгчид аливаа ажлын үр дүн хүлээлгэж өгөх хугацааг мартахгүйн тулд и-мэйл, гар утас зэрэгтэй холбогдсон, сануулга өгдөг хуанли ашигла. Харин хийх ажлаа эрэмбэлэхдээ чухал ажил, яаралтай ажил гэж ангилаарай. 
Чухал ажил: Та, таны хуулийн фирм, таны үйлчлүүлэгчийн урт хугацааны зорилгод хүрэхэд туслах ажлууд.
Яаралтай ажил: Үр дагавраас нь шалтгаалан яаралтай хийх шаардлагатай ажлууд. 
Хийх ажлаа чухал, яаралтай гэдгээр нь ангилснаар яаралтай боловч чухал биш ажлууд (утсаар ярих, и-мэйл бичих зэрэг)-д хэт ач холбогдол өгдөг зуршлаасаа салахад тусална.

ЗӨВЛӨМЖ №3: НЭГ ДОР ОЛОН АЖИЛ ХИЙХЭЭ ЗОГСОО
Олон хуульч нэг дор олон зүйл зэрэг амжуулах чадвараараа бахархдаг хэдий ч олон судалгаа нэг дор олон ажил зэрэг хийх нь харин ч үр бүтээлийг буруулдаг болохыг нотолсоор байна. Нэг дор олон зүйл зэрэг хийдэг хүмүүс дунджаар ҮР БҮТЭЭЛ НЬ 40% БУУРДАГ, НЭГ АЖЛЫГ ХИЙХЭД 50% ИЛҮҮ ЦАГ ЗАРЦУУЛДАГ, 50% ХҮРТЭЛ ИЛҮҮ АЛДАА ГАРГАДАГ байна. 
Өнөөгийн дижитал ертөнцөд олон ажил нэгэн зэрэг хийхгүйн тулд хуульчид тодорхой нэг ажлыг хийхэд тусгайлан зориулан цаг гаргахыг хичээх хэрэгтэй. Ийнхүү тодорхой нэг ажлыг хийх цагтаа утсаар ярих, и-мэйлд хариу өгөх зэрэг сатааруулах зүйлсээс аль болох зайлсхийгээрэй. 

ЗӨВЛӨМЖ №4: БОЛОМЖТОЙ АЖЛЫГ БУСДАД ДААЛГА
Ихэнх хүмүүс бүх зүйлсийг удирдлагадаа байлгахын тулд ажлаа бусдад даалгахаас зайлсхийдэг. Гэвч энэ хандлага нь бүтээмжийг бууруулдаг. Иймд чухал биш боловч яаралтай ажлуудыг туслах хуульч гэх мэт бусад хүмүүст даалгах нь таныг илүү чухал ажилдаа төвлөрөх боломж олгоно.

ЗӨВЛӨМЖ №5: ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, ҮР БҮТЭЭЛТЭЙ БАЙХЫН ТУЛД ТЕХНОЛОГИ АШИГЛА
Хуульчид шаардлагатай хугацаануудыг санаж, ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлэх системтэй байх нь зүйтэй. Хуанли, хийх ажлын жагсаалт зэргийг өөртөө багтаасан хуульчдын ажлыг зохион байгуулах программ хангамжууд нь хуульчдад ажлын ачааллаа илүү үр дүнтэйгээр зохицуулахад туслана. 
Мөн хуульчид технологийн тусламжтайгаар өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажил/хэргүүдийн талаар мэдээлэл хайхад зарцуулах цагаа багасгах боломжтой. Таны харилцагчид, гэрээ, нэхэмжлэх зэрэг нэг системд байрласнаар та өөрийн системээсээ ганц хайлт хийгээд л өөрт хэрэгтэй мэдээллээ олох боломжтой болно. Мөн эдгээр төрлийн технологиуд нь шаардлагатай мэдээллээ зөвхөн өөрийн компьютер, оффисоос бус, өөр хаанаас ч үзэх боломжийг олгодгоороо ихээхэн давуу тал олгодог. 
Эцэст нь та хуульчийн ажлыг зохион байгуулах систем ашигласнаар тодорхой ажил, үйлчилгээний хүрээнд хийсэн ажилбаруудаа тухай бүрт нь өдөр, цагаар нь бүртгэж, нэхэмжлэх, хийсэн ажлын тайлангаа үр дүнтэйгээр бэлдэх боломжтой. 

Эх сурвалж: Time Management for Lawyers in Thriving Law Firms eBook, Wolters Kluwer


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn