ХУУЛИЙН САЛБАРЫГ ӨӨРЧИЛЖ БУЙ 3 ХҮЧИН ЗҮЙЛ

ХУУЛИЙН САЛБАРЫГ ӨӨРЧИЛЖ БУЙ 3 ХҮЧИН ЗҮЙЛ


Дэлхий нийтийн хувьсан өөрчлөгдөж буй хөгжил дэвшил, технологийн ололт амжилтын үр дүнд хуулийн салбар ихээхэн өөрчлөгдөж, урьд өмнө нь байгаагүй шинэ боломж, эрсдэлүүдтэй тулгарч байна. Энэхүү өөрчлөлтөд дараах 3 гол хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд:

1. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ИХ ҮР ДҮНГ БАГА ХӨЛСӨӨР АВАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА
Өмнө нь хуульчид цагийн хөлсөнд суурилсан, өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг түгээмэл хандлага байсан. Гэтэл одоо үед үйлчлүүлэгчдийн зүгээс илүү их ажлыг бага хөлсөөр хийлгэх хүсэл, шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ нь хуульчид, хуулийн фирмүүдийг урьд өмнө нь ажиллаж байсан хэв маягаа бүхэлд нь өөрчлөх шаардлагыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл хуульчид бага хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах, хөлс тооцох аргачлалаа өөрчлөх зэрэг алхмуудыг зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

2. ЛИБЕРАЛЧЛАЛ
Ихэнх улсад зөвхөн тусгайлсан зөвшөөрөл авсан этгээд л хуулийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь зөвхөн тодорхой мэдлэг, ур чадварын шаардлага хангасан этгээд хуулийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн үзэл санаанд суурилсан. Гэсэн хэдий ч энэхүү хязгаарлалт нь хэрэглэгчдэд хангалттай сонголт өгдөггүй нь энэ тогтолцооны том сул тал болдог. 
Хуулийн салбарын энэхүү байдлыг өөрчлөхөд чиглэсэн алхмууд дэлхийн зарим улсад явагдаж байна. Жишээ нь, 2007 онд батлагдсан Их Британийн Хууль зүйн үйлчилгээний тухай хуулиар “альтернатив аж ахуйн нэгж” гэх хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд байгуулахыг зөвшөөрсөн. Ингэснээр хуульч биш этгээдүүд хуулийн фирм эзэмшиж, ажиллуулах, хуульч биш хөрөнгө оруулагчид хуулийн фирмд хөрөнгө оруулалт хийх боломж олгосон. Хуулийн салбарын эдгээр шинэ тоглогчид хуулийн салбарын тогтсон хэв маягаас зайлсхийж, илүү уян хатан, хямд үйлчилгээг үйлчлүүлэгчдэд санал болгож, уламжлалт хуулийн фирмийн тогтолцооны сул талыг харуулсаар байна. 

3. ТЕХНОЛОГИ
Хуулийн салбар технологийн хөгжилд хамгийн хойрго салбаруудын нэг. Гэсэн хэдий ч өнөөгийн технологийн хөгжил дэвшлийн эрин үед хуулийн салбар технологийн хөгжлөөс холуур өнгөрөх боломжгүй. 
Google компанийн Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Эрик Шмидтийн хэлснээр хүн төрөлхтөн соёл иргэншил үүссэн үеэс 2003 он хүртэл үүсгэсэнтэйгээ тэнцүү хэмжээний мэдээллийг өнөөдөр 2 өдрийн дотор л бий болгож байна. Intel компанийн гүйцэтгэх захирал асан Гордон Моорын гаргасан Моорын хуулиар ХОЁР ЖИЛ ТУТАМ КОМПЬЮТЕРИЙН БОЛОВСРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ. Энэ онол батлагдвал 2020 он гэхэд дундаж компьютер хүний тархитай тэнцэх боловсруулах хүчин чадалтай болно. Хэрэв дундаж компьютерийн боловсруулах хүчин чадал бүх хүн төрөлхтнийг нийлүүлсэнтэй тэнцүү болох өдөр ойрхон байгаа бол хуульчид өөрсдийн ажиллах хэв маягаа дахин эргэцүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа нь гарцаагүй. 

Эх сурвалж: Richard Susskind, Tomorrow’s Lawyers: An Introduction to Your Future, Oxford, 2017 ном.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn