2019 ОНЫ ХУУЛИЙН ТЕХНОЛОГИЙН 5 ЧИГ ХАНДЛАГА

2019 ОНЫ ХУУЛИЙН ТЕХНОЛОГИЙН 5 ЧИГ ХАНДЛАГА


Жилээс жилд хуулийн технологи хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Шинэ аппликэйшн, үйлчилгээнүүд гарч, үйлчлүүлэгчдийн хүлээлт өөрчлөгдөн, технологийн талаарх хуулийн зохицуулалтууд шинээр гарах зэргээр хуулийн мэргэжилтнүүдэд энэхүү өөрчлөлттэй хөл нийлүүлэн, мэдээллээс хоцрохгүй байх хэрэгцээ шаардлага тулгараад байна. Технологийн талаар мэдлэгтэй хуулийн мэргэжилтнүүд энэ жил дэлхий дахинд өрнөж буй дараах технологийн чиг хандлагуудад анхаарлаа хандуулбал зохистой. 
1. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВТЭЙ ХУУЛЬЧ, ХУУЛИЙН ФИРМИЙН ЭРИН ҮЕ
Шинэ технологи нь салбар бүрт, үүн дотор хуулийн фирмүүдийн ч нэгэн адил үйлчлүүлэгчдийн хүлээлтийг өөрчилж байна. 
Үйлчлүүлэгчид ямар ч үйлчилгээ авахдаа онлайн худалдааны сайт зэрэг бусад бизнесээс авдаг түвшний сайн үйлчилгээ авахыг хүсдэг. Тиймээс хуульч, хуулийн фирмүүд харилцаа холбоог цаг алдалгүй явуулах зэргээр үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээ үзүүлж байж өрсөлдөөнөөс ялгарч чадна. Харилцагч төвтэй хуульч, хуулийн фирм болоход анхаарах зүйлс:
• Үйлчлүүлэгчийнхээ байр суурьнаас асуудлыг авч үзэхийг хичээх, 
• Ойлгомжтой бөгөөд тогтмол харилцах, 
• Автоматжуулах боломжтой процессыг хуулийн технологи ашиглан автоматжуулах. 
2. ХУУЛИЙН ТЕХНОЛОГИЙН “ПЛАТФОРМЧЛОЛ” 
Хуулийн холбогдолтой программ хангамж, үйлчилгээ их болохын хирээр платформын ач холбогдол өсөн нэмэгдэж байна. Платформ нь бусадтай холбогдоход ашигладаг программ хангамж болон үйлчилгээний гол цөм нь болдог. Өөрөөр хэлбэл олон төрлийн программ хангамжтай зууралдахын оронд платформ нь бүх хэрэгтэй мэдээллээ нэг сайн нэгдсэн байдлаар ашиглах боломж олгодог. 
3. ОНЛАЙН ХАРИЛЦААНДАА АНХААРАЛ ХАНДУУЛАХ
Хуульч зөвхөн оффис, шүүх хуралдааны танхимаасаа гадуур ч мэргэжлийн ёс зүй дүрэмд захирагдах үүрэгтэй. Энэ нь цахим орчинд ч хамааралтай. Тэгвэл 2019 онд цахим орчин дахь харилцаандаа анхаарах нь урьд өмнө нь байснаасаа ч илүү чухал болоод байна.
Жишээ нь, АНУ-д хэдийгээр нэрээ нууцалж бичсэн боловч цахим орчинд зүй бус сэтгэгдэл үлдээсэн гэсэн үндэслэлээр холбооны прокурорын хуульчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Шүүх шийдвэртээ тухайн шийдвэр нь хариуцагчид төдийгүй бүхий л хуульчдад хүчтэй сэтгэгдэл төрүүлэх ёстой болохыг дурдсан байна. 
4. ЧАТБОТЫГ ХЭЗЭЭ ХЭРЭГЛЭХ, ХЭЗЭЭ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ МЭДЭЖ БАЙХ
Хиймэл оюун ухаан болон чатботын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүний хирээр энэ талаарх хуулийн зохицуулалт ч дэлхий дахинд нарийн төвөгтэй болж байна. Жишээлбэл, АНУ-ын Калифорни мужид жинхэнэ хүн мэт ойлголт төөрөгдүүлэх чатботыг ашиглахыг хориглосон хууль гарсан. 
Хэрэв та чатботыг хэрэглээндээ нэвтрүүлэх гэж байгаа бол таны харилцагчид жинхэнэ хүнтэй харилцаагүй гэдгээ мэдэж байх нь чухал. 
5. ШҮҮХИЙН ТЕХНОЛОГИ
Олон улсад сүүлийн жилүүдэд шүүхүүд хуулийн технологийг өргөнөөр ашиглаж эхэлж байгаа бөгөөд онлайнаар нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралдаанд видео хэлбэрээр оролцох зэрэг хуулийн технологийн жинтэй өөрчлөлтүүд хийгдсээр байна.
Тухайлбал 2018 онд Лос Анжелес хотын Дээд Шүүхээс хэргийн өргөдөл, гомддлыг заавал цахим хэлбэрээр гаргахыг шаарддаг болсон бөгөөд 2020 он гэхэд Техас мужийн 254 дүүргийн шүүх ийм болно. Энэ нь дан ганц шүүхийн байгууллагын ажлыг хөнгөвчлөх бус хуульч, өмгөөлөгч нарын ажлыг ч хөнгөвчлөх нь мэдээж. 

Эх сурвалж: https://www.clio.com/


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn