ХУУЛЬЧ, ХУУЛИЙН ФИРМҮҮД ҮҮЛЭН ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭХ 6 ШАЛТГААН

ХУУЛЬЧ, ХУУЛИЙН ФИРМҮҮД ҮҮЛЭН ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭХ 6 ШАЛТГААН


“ХУУЛЬЧ, ХУУЛИЙН ФИРМҮҮД ҮҮЛЭН ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭХ 6 ШАЛТГААН

Үүлэн технологи гэж юу вэ? Хуульч, хуулийн фирмүүд яагаад үүлэн технологи /cloud computing/-ийг ашиглах ёстой вэ?   

Үүлэн тооцоолол буюу Cloud computing: Компьютерийн программ хангамжийг өөрийн компьютер дээрээс биш харин интернетээр дамжуулан олон компьютер дээр хуваарилан ажиллуулах, тооцоолох технологи юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн бүхий л төрлийн үйлчилгээг интернетээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх гэсэн шинэ арга зам юм.

Хэрэгцээтэй баримт бичиг, үйлчлүүлэгч, харилцагчдын мэдээллийг сэйфэндээ хийгээд түгжих нь танд интернет орчинд мэдээллээ хадгалахаас илүү найдвартай, аюулгүй санагдаж байж болох юм. Олон хуульч үүнийг хамгийн найдвартай сонголт гэж боддог. Гэвч энэ нь “матрасныхаа доор бэлэн мөнгө нуух нь түүнийг банкинд байрлуулахаас илүү аюулгүй” гэж бодохтой л ижил бөгөөд байшин шатах, эсвэл хэн нэгэн мөнгийг тань олох хүртэл үнэхээр аюулгүй байж болох юм. Мэдээллийн аюулгүй байдлыг дан ганц биет аюулаар төсөөлөх нь өрөөсгөл юм.

#eLawyermn танд хуульч, хуулийн фирмүүд яагаад үүлэн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай болох 6 шалтгааныг санал болгож байна:

  1. Шинэчлэлт

Та хамгийн сүүлд хэзээ Windows эсвэл Office программаа шинэчлэсэн бэ? Та программ хангамжийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглаж байгаа юу? Компьютер дээрх программууд шинэчлэлт хийх/update/ гэж маш их цаг авдаг. Харин үүлэн технологи дээрх шинэчлэлтүүд нь танд ямар ч нөлөөгүй, таныг Ням гарагийн шөнийн 2 цагт унтаж байх үед ч хийгдэж байж болно. Үүлэн серверүүд нь хамгийн сүүлийн үеийн аюулыг даван туулахын тулд байнга шинэчлэгдэж байдаг.

  1. Уян хатан байдал

Таны өгөгдөл, програм хангамж нь хаанаас ч үзэх боломжтой байршилд хадгалагдаж байгаа нь та хаанаас ч ажиллах боломжтой гэсэн үг юм. Та шүүх дээр, гэртээ эсвэл  амралтын өдөр, харилцагчтай уулзахдаа ч үүлэнд хадгалсан файлуудаа үзэх боломжтой. Найз чинь ажлаа хийж чадахгүй танаас тусламж гуйвал та цагаа үрэн түүний ажил дээр эсвэл гэрт нь очих шаардлагагүй, түүний эрхээр хаана байгаа газраасаа нэвтрэн хэрэгтэй зүйлийг нь түүний хийсвэр компьютер дээр хийгээд өгнө. 

  1. Хямд

Компьютер хэрэглээг аваад үзье. Жишээ нь та фирмдээ шинэ ажилтан авлаа гэж бодъ: Нэг компьютер худалдаж аваад дээр нь хэрэглээний бүхий л програмуудыг худалдан авч суулгана. Үүний тулд бид програм бүрт тодорхой хэмжээний үнэ төлөхөөс гадна уг програмыг суулгах, алдаа гарвал учрыг нь олох, суулгасан програмуудынхаа шинэ хувилбарыг олж суулгах, гарсан нэмэлт, сайжруулалтыг нь нэмж суулгах зэрэг олон ажил хийх шаардлагатай болдог. Мөн зарим програмууд ажиллахдаа компьютерийн хүчин чадлыг ихээр шаарддаг тул бид түүнийг ажиллуулахын тулд компьютерийн үзүүлэлтийг олж мэдэн сайжруулах тохиолдол ч гарна.

Тэгвэл үүлэн технологи хэрэглэвэл ямар болох вэ? Та үүний эрхээ онлайнаар нээлгэнэ. Энэ эрхийг нээсний дараа, товчоор хэлбэл та интернетэд өөрийн гэсэн хийсвэр компьютертой боллоо гэж ойлгож болно.

  1. Цар хүрээ

Та компьютер дээрээ өөрийн өгөгдлүүдийг хадгалах, компьютер дээрээ бусад програм хангамж үйлчилгээнүүдийг хүлээн авах боломжтой болно. Та хийсэн ажлаа заавал флашд хуулан зөөх шаардлагагүй. Очих газраа очоод интернетээр үүлэн компьютер руугаа нэвтрэх эрхээрээ ороод түүнийгээ авчихна. Хөдөө томилолтоор явж байтал ямар нэг зүйл хийх шаардлага гарлаа гэж бодъё л доо. Тэндээ байгаа интернет кафед ороход та өөрийн үүлэн комьпютер руугаа орох эрхээр нэвтрэн хүчирхэг сэрвэрүүдийн хүчийг ашиглан ажлаа хийх тул танд хөдөөний компьютерийн хурд ч саад болохгүй. Тэдгээр компьютерууд дээр вэб броузер, интернет холболт л байхад танд ажлаа хийхэд өөр программ хэрэг болохгүй. 

  1. Найдвартай

Таны “компьютер” интернетэд буй бөгөөд түүний үйл ажиллагаа, таны өгөгдлийн аюулгүй байдал, хурд, хүч бүгдийг нь үүлэн систем хариуцна. Одоо танд вирус гай тарих боломжгүй. Учир нь тэд таны гэрийн компьютерт халдан түүнийг эвдэллээ ч таны өгөгдлүүд, программууд үүлэн дээр аюулгүй байх болно. Та үүлэн систем рүү вирустэй файл андууран оруулах ч боломжгүй, учир нь уг системийг мэргэжлийн хүмүүс хамгаалж байна.

Нэг өдөр таны компьютер гэнэт эвдэрвэл, хард диск чинь ажиллахгүй болбол та огт айх шаардлагагүй. Учир нь таны компьютер интернетэд үүлэн дээр бий. Та өөрөө мөнгөөрөө хүчтэй компьютер худалдаж авч чадахгүй байгаадаа одоо санаа зовох шаардлагагүй. Учир нь үүлэн дээр байгаа таны компьютер ажиллахдаа орчин үеийн супер хурдтай сэрвэрүүдийн хүчийг нэгтгэн ашиглах болно.  

  1. Хадгалалт

Үүлэн дээр суурилсан практик менежментийн шийдлүүд нь хэрэг, бусад материалыг багтаах хангалттай их багтаамжтай байдаг. Сканердсан баримт бичиг, гэрэл зураг нь багтаамж сайтай компьютерийг ч хурдан дүүргэж чаддаг. Үүлэн дээр энэ асуудал биш юм. Учир нь хадгалахад шаардагдах хэмжээг нь хэрэгцээндээ тохируулж ихэсгэж, бууруулах боломжтой. Мөн үүлэн сервер нь таны нөөц компьютер, интернет дэх архив гэсэн үг бөгөөд та хэрэгцээтэй өгөгдлөө ямар хугацаанд хадгалахаа тодорхойлох боломжтой.

Дүгнэлт:

Үүлэн сервер дэх өгөгдөл нь сайтар боловсруулсан, аюулгүй, хяналттай орчинд хадгалагддаг учир хулгай, гал түймэр гарах эсвэл буруу хадгалалтын гэмтэл гэх мэт аюул байхгүй. Энэ нь 100 хувь аюулгүй гэсэн үг биш ч гэсэн таны оффисоос хамаагүй аюул багатай гэсэн үг юм.

Та техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед үүлэн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, боломжит бүх сонголттой сайн танилцаж, хэрэгжүүлснээр зардлаа багасгаж, үйлчлүүлэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зэрэг ашиг тусыг эдлэх боломжтой. Мөн илүү хурдан, илүү бүтээмжтэй ажиллах бөгөөд ажлын ачааллаа хянахад ч хялбар болох юм. Үүлэнд суурилсан программууд болон өгөгдлийг интернетэд холбогдсон бараг бүх төхөөрөмжөөс ашиглах боломжтой.

Та хүссэн үедээ ажлаа амжуулах боломжтой. Мөн ажилтнуудаа уян хатан, алсын зайнаас ажиллах боломжийг олгох, ажлын өдөр ажил руугаа хоёр удаа явахгүй байх, бага насны хүүхэдтэй хүмүүсийн хэрэгцээг ажлын уян хатан хэв маягаар дамжуулан зохицуулах гэх мэт таны сонголтыг өргөжүүлнэ. Бүтээмжийг нэмэгдүүлнэ. Зардлыг ч бууруулна. Үнэтэй цагийг тань ч хэмнэнэ.

 

Ашиглагдсан эх сурвалж: 

1.https://lawcloudcomputing.com/2019/07/cloud-computing-for-lawyers-the-10-best-reasons-to-make-the-change/

2.https://en.wikipedia.org/wiki/Cloud_computing

3.http://techgenix.com/cloud-technology-trends-2019/?fbclid=IwAR3osbhN_1yIIwuGxrlJazhCUjKE7D0Qqw4HHJyzoSynYqobv38a324kdkU

 


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn