ХУУЛЬЧ МЭРГЭЖЛИЙН ТАЛААРХ БУРУУ ОЙЛГОЛТ

ХУУЛЬЧ МЭРГЭЖЛИЙН ТАЛААРХ БУРУУ ОЙЛГОЛТ


Олон хүмүүс хуульчийн мэргэжлээр суралцахаар шийддэг, эсвэл хүсдэг. Хуульч болно гэдэг цаг хугацаа, санхүүгийн хөрөнгө оруулалт зэрэг асар хүч хөдөлмөр шаардсан ажил. Юуны түрүүнд хуулийн сургууль төгсөх, хуульчийн шалгалтыг давах зэрэг асар их бэрхшээлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн чиглэлээр сураад, хуулийн салбарыг бага сага гадарладаг болсон цагт яагаад ийм хүнд байдаг гэдгийг төвөггүй ойлгоно. Харин энэ бүгдийг давахад танд өөрт тавьсан зорилго, яагаад энэ салбарыг сонгосон гэдэг зорилго тань тулгарсан саад бэрхшээлүүдийг даван туулахад хамгийн их туслах болно. Тиймээс сайн бодож байж шийдвэрээ гаргаарай :) энэ их чухал шүү.

Хуульч мэргэжлийн талаарх буруу ойлголт:

1. Хуульчид маш их мөнгө олдог

Зарим хүмүүс хуульчийн мэргэжил "мөнгө хийх хүсэл эрмэлзэлтэй байгаа бол зүгээр" гэж хэлэх байх. Би тэдний нэг биш.

  • Шуудхан хэлэхэд энэ бол худлаа. Энэ салбарт та төрийн ба хувийн хэвшилд (магадгүй эхний 3-5 жил) аль ч чиглэлээр ажилласан таны олох орлого хэтэрхий даруухан байх болно. Хэрэв та ухаантай бөгөөд шаргуу ажиллаж чадвал дажгүй орлоготой болж болох ч мэргэжилдээ дуртай биш бол тийм ч амархан байхгүй нь тодорхой. Нөгөөтээгүүр мэргэжлээрээ мэдлэг туршлагатай болж, боловсорлоо ахиулснаар таны орлого нэмэгдэж болох ч, энэ нь ч бас нэлээдгүй санхүүгийн хөрөнгө оруулалт болон хувийн хичээл зүтгэл, цаг хугацаа шаардагддаг гэдгийг мартаж болохгүй.

  • Сэтгэл ханамж авч чадахгүй. Хэрэв зүгээр л мөнгө олох зорилгоор энэ салбарыг сонгож байгаа бол та энэ ажлаасаа сэтгэл ханамж авч чадахгүй. Сэтгэл ханамж маш чухал шүү.

Ихэнх хүн 7 хоногийн 40 цагийг ажилдаа зориулж, энэ байдлаар дор хаяж 40 жил ажиллана гээд төсөөлөөд үз. Тодорхой зорилгогүй бол өглөө орноос босох ч хүнд ажил гэдгийг битгий мартаарай.

2. Suits(USA network - TV series) дээр гардаг шиг биш.

Мэдээж та нарын ихэнх чинь ямар нэг сэтгэл хөдөлгөм кино үзээд, эсвэл ном уншаад би яаг ийм болно гэсэн сэтгэл хөдлөлөөр энэ салбарын сонгосон гэж бодохгүй байгаа ч, тодорхой хэмжээгээр таныг өдөөгч болсон байх.

Хэзээ ч энэ салбарт дотор нь байж үзээгүй хүмүүсийн төсөөлөлд ийм ойлголт байдаг:

  • Сайхан хослол өмссөн, ухаалаг, мэдлэг боловсролтой залуусаар дүүрсэн оффис.

  • Өдрийн төгсгөлд тагтан дээр үнэтэй виски шимж, навчин тамхи татах

  • Үргэлж сонирхолтой хэрэг, маргаан, түүнд хуулийн шийдэл олох

  • Хүмүүст туслах, тэдний хувь заяа, ирээдүй, эрхийг хамгаалах, түүнээс авах баяр баясал

  • Чадварлаг, туршлагатай хуульчдаас суралцах

  • Шүүх хуралд орж, ялалт байгуулах гэх мэт.

Эерэгээр төсөөлбөл магадгүй л юм. Гэвч бодитоор харвал:

  • Утгагүй хуулийн зохицуулалт

  • Уур, бухимдалтай, стрессдсэн бүдүүлэг хүмүүс

  • Ажлын хамаг цагийг үрэх, мэргэжлийн бус бичиг цаасны ажлууд

  • Тасралтгүй дуугарах утас, хариу бичих шаардлагатай өч төчнөөн и-мэйл, албан бичгүүд

  • Хэтэрхий уцаартай, стресстэй удирдах албан тушаалтнууд (магадгүй нэг өдөр та ч мөн тийм болсон байж болох :p)

  • Учир нь олдохгүй, зарим үед итгэмээргүй тэнэг асуулт

  • Шударга бус явдал, үл ойлгогдох байдал

  • Чадваргүй шүүгчийн утгагүй шийдвэр

  • Олон цагийн хөдөлмөр тань хэдхэн хормын дотор хэрэгцээгүй болох тэр мэдрэмж...

  • Хэдэн жилээр сунжрах хэрэг маргаан

  • Хүнд суртал

  • Хэн нэгний “Чи энэ хуулийг мэдэдгүй юм уу?!”, “...Ингэвэл гэмт хэрэг болох уу?”, “найздаа энийг хийгээд/шийдээд өг” гэх хүч хөдөлмөрийг чинь үнэгүй шавхах гэсэн хэн нэг хуучны танил гэх мэт.

Магадгүй ажил мэргэжлээс авах таашаал тань өчүүхэн байх болно. Гэхдээ амттай. Харин тэр амтыг авах хүсэл тань амтгүй бүхнийг тоохгүй байхаар их байх хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм.

 

3. Би хүмүүстэй сайн харилцдаг; Би сургуульдаа сайн мэтгэлцдэг байсан.

Энэ бараг хуулийн сургуулийг сонгосон оюутнуудын нийтлэг шалтгаан байх. Оюутнууд ийм бодлоор хуулийн сургуулийг их сонгож харагддаг. Гэвч энэ нь хүмүүсийн дунд байдаг “Хуульчид үргэлж шүүх хуралд оролцож, маргалдаж, мэтгэлцэж байдаг” гэсэн буруу ойлголттой холбоотой.

Маргах, мэтгэх, үзэл бодлоо бусдад ойлгуулах чадвар бол хуульч хүнд тодорхой хэмжээнд байх ёстой нэг л чадвар болохоос бүх зүйл гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ бусдыг сонсож, ойлгох чадвар “аливаа асуудлыг бие дааж судлах, гаргалгаа шийдэл олох, шүүхийн шийдвэр болон бусад асуудлыг логикоор үнэлэх, дүгнэх, хэрэгцээт судалгааны материал унших, зөв цэгцтэй бичих зэрэг” чадваруудыг тооцохгүйгээр хавь илүү хэрэг болдог.

Эцэст нь хэлэхэд ихэнх тохиолдолд тодорхой асуудалд өөртөө итгэлтэй байдал нь тухайн асуудлын үр дүнд маш бага ялгаа өгдөг. Эсрэг талын хуульч нар тантай санал нийлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шийдвэрүүд нь хууль эрхзүйн үндэслэлийн дагуу тогтмол явагддаг.

Таны маргалдах чадвар сайн байх нь сайн л хэрэг. Гэхдээ энэ нь хуульчийн ажил мэргэжлийн хувьд таны хувьд том алхам болно гэж бүү бодоорой.

4. Бүх хуулийг цээжилсэн байдаг

Хуулийн салбар маш өргөн цар хүрээтэй, нийгмийн, түүн доторх маш олон төрлийн харилцааг зохицуулж байдаг шинжлэх ухаан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуулийн сургуульд та хууль, эрх зүйн салбарын үүдийг л хаана байна гэдгийг ойлгох болно. Хуулийн сургуульд хуульчид ороод харин төгсөхдөө хэн ч биш болдог. Зүй нь мэдэхгүйгээ мэддэг болдог гэсэн үг.

Хуулийн салбарт мэргэшихэд хуулийн мэдлэг дан ганц хангалтгүй байдаг. Үргэлж суралцах ёстой байдаг. Сургуульдаа зүгээр л хуулиудыг цээжлээд шалгалтаа сайн өгснөөр өөрийгөө хуульч болчих юм байна гэж бодож болохгүй. Шорон оронгоор явсан хоригдлууд эрүүгийн хууль тогтоомжийг чамаас илүү мэддэг байх болно. Олон жил нягтлан хийсэн хүмүүс чамаас ч илүү татварын хуулийн зохицуулалтыг ярих болно.

Хууль, эрх зүйн орчин цаг үе нийгэм соёлоо дагаад үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үргэлж суралцаж байх нь хамгийн чухал. Дан ганц сургуульд үзсэн лекц, семинар чамайг хуульч болгож чадахгүй гэдгийг анхаараарай.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn