Зөвлөмж №2: Хуулийн фирм болон хуульчид зайлшгүй хэрэгцээтэй технологи 

Зөвлөмж №2: Хуулийн фирм болон хуульчид зайлшгүй хэрэгцээтэй технологи 


1. Сайн чанарын зөөврийн компьютер 
Бичиг баримт боловсруулах, хууль тогтоомж судлах, судалгаа шинжилгээ хийх гэх зэрэг хуульчид өдөр тутамдаа хамгийн их ашигладаг технологи бол мэдээж компьютер. Харин зөөврийн компьютер нь оффисоо зөөвөрлөн, хаана ч ажлаа хийх боломжийг хуульчдад олгодгоороо суурин компьютероос илүү давуу талтай. Зөөврийн компьютер сонгоход хүчин чадал, үзүүлэлтээс гадна овор хэмжээ, зайгаа хир удаан барьдаг зэргийг мөн анхаарах нь зүйтэй. 

2. Олон үйлдэлт принтер 
Зах зээлд худалдаалагдаж буй олон төрлийн принтерүүдээс өөрийн хэрэгцээнд нийцсэнийг сонгох нь чухал. Инкжет принтер нь гэрийн нөхцөлд цөөн тооны материал хэвлэхэд тохиромжтой байдаг ба оффисын зориулалтаар урт хугацаанд ашиглахад хэтэрхий үнэтэй тусдаг. Принтер сонгохдоо нэг хуудсыг хэвлэх зардлаас гадна хэвлэх хурдыг харгалзан үзээрэй. Хэдийгээр дэлхий нийт цаасгүй оффисын чиг хандлага руу шилжиж байгаа хэдий ч бодит байдал дээр хуульчид маш их хэмжээний цаас хэвлэх зайлшгүй шаардлагатай болдог гэдгийг бүү мартаарай. 

3. Вирусны эсрэг программ
Таны худалдан авсан вирусны программ сайн, сүүлийн үеийнх байх тусмаа таныг хамгийн сүүлийн үеийн вирус, спам зэргээс хамгаална. Вирусны программд мөнгө төлөх нь илүү зарлага мэт санагдаж болох ч үйлчлүүлэгчдийн болон өөрийн чухал бичиг баримт, мэдээллийг хамгаалахын ач холбогдлыг харгалзан үзвэл энэ нь багахан хэмжээний хөрөнгө оруулалт юм. Үнэгүй вирусны программ ашиглах нь таныг эрсдэлээс бүрэн хамгаалж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Та хамгийн хямд вирусны эсрэг программын 1 жилийн албан ёсны эрхийг ердөө 20,000 төгрөгт багтаан худалдан авах боломжтой.

4. Өндөр хурдны интернет
Хуульчдын өдөр тутамдаа ашигладаг имэйл, судалгаа шинжилгээ, бизнес хөгжүүлэлт зэргийг интернетгүйгээр хийх боломжгүй. Өндөр хурдны интернет нь хуульчдын өдөр тутамдаа хийдэг ажлуудад зарцуулах цагийг багасгана. 

5. Оффис программ 
Microsoft Office программууд (Word, PowerPoint, Excel, Outlook зэрэг) хуульчдад яагаад чухал болохыг энд нурших нь илүүц байх. 

6. Хуульчийн ажлыг зохион байгуулах систем
Хуульчийн ажлыг зохион байгуулах систем нь хуульчийн ажлыг удирдан зохион байгуулахад шаардлагатай үндсэн модуль, функцуудыг өөртөө багтаасан цогц шийдэл юм. Ихэнх хуульчийн ажлыг зохион байгуулах системүүд дараах үндсэн модулиудыг өөртөө багтаасан байдаг. Үүнд:
• Харилцагч, үйлчлүүлэгчээ бүртгэх
• Хийсэн ажил, үйлчилгээгээ бүртгэх
• Ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх
• Хуанли
• Хийсэн ажлын цаг бүртгэх, нэхэмжлэх бэлдэх
• Гэрээ, баримт бичгийн сан бүрдүүлэх 

7. Нөөц санах байгууламж (Storage)
Хуульчид үнэ цэнэтэй мэдээлэл, бичиг баримтаа хадгалах зорилгоор нэг дотоод (local буюу хард драйв, зөөврийн хард драйв гэх мэт), нэг зайны санах байгууламж (үүлэн санах байгууламж гэх мэт)-тай байх нь зохимжтой. Учир нь эдгээр санах байгууламжийн аль нэгт асуудал гарахад та бичиг баримт, мэдээллүүдээ нөгөө санах байгууламжаас төвөггүй сэргээх боломжтой байх нь чухал. Үүнээс гадна файлуудаа өөр өөр газраас нээх, ашиглах боломжийг зайны санах байгууламжууд танд олгоно. 

Санамж:
Танд технологийн ямар нэгэн бэрхшээл тулгарахад та яах вэ? Та тулгарсан асуудлыг аль болох хурдан шийдэж, ажлаа үргэлжлүүлэх нь чухал. Иймд таны оффисын хамгийн үнэ цэнэтэй технологи бол магадгүй таны IT мэргэжилтний утасны дугаар ч байж болох юм. 
Хуулийн фирм, хуульчийн үйл ажиллагаагаа амжилттай явуулахад дээр дурдсанаас гадна олон төрлийн технологи ашиглагдаж болох боловч дээр дурдсан технологиуд нь хуулийн фирм, хуульчийн үйл ажиллагаа явуулж эхлэхэд шаардлагатай наад захын дэд бүтэц болж чадна. 

Ашигласан эх сурвалж:
1.http://info.legalsolutions.thomsonreuters.com/signup/newsletters/practice-innovations/2013-jan/article3.aspx 
2.https://www.americanbar.org/publications/law_practice_magazine/2012/march_april/essential-technology-in-a-solo-or-small-office/ 
3. https://www.attorneyatwork.com/long-nine-essential-software-modern-law-practice/ 
4. https://lawyerist.com/solo-technology-shopping-list-basics/

https://www.facebook.com/www.elawyer.mn/photos/a.510155996170192/520099488509176/?type=3&theater


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn