Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2019 оны 09-р сарын 01

Үйлчилгээний нөхцөл

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ (ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ) НЬ ХЭРЭГЛЭГЧ ELAWYER ХУУЛЬЧИЙН МЕНЕЖМЕНТИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ (СИСТЕМ)-ИЙГ WWW.ELAWYER.MN ВЭБСАЙТ БОЛОН ГАР УТСАНД ЗОРИУЛСАН АППЛИКЭЙШНЭЭР ДАМЖУУЛАН АШИГЛАХ ЯВЦАД “ИЛОЕР” ХХК (ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ”) БОЛОН ХЭРЭГЛЭГЧИЙН ХООРОНД ҮҮСЭХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛНА. ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦСАНЫ ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА. ТА СИСТЕМД БҮРТГҮҮЛСНЭЭР ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ДАГАЖ МӨРДӨХ ХҮСЭЛ ЗОРИГОО ИЛЭРХИЙЛСЭНД ТООЦОГДОНО.    

  1. Ерөнхий нөхцөл
    1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд Системийг хэрэглэгч (Хэрэглэгч) Системийг вэб болон гар утасны аппликэйшнээр дамжуулан ашиглах, Үйлчилгээ үзүүлэгч нь үүнтэй холбоотой үйлчилгээ (“Үйлчилгээ”) үзүүлэх явцад Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгчийн хооронд үүсэх харилцааны үндсэн нөхцлийг заасан болно.         
    2. Хэрэглэгч Системийг хуулийн фирмээр эсвэл хувь хуульчийн аль нөхцлөөр хэрэглэж байгаагаас үл хамааран энэхүү Үйлчилгээний нөхцлийг дагаж мөрдөнө.
    3. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээ нөхцлийг дагаж мөрдөж, үүнд заасан холбогдох төлбөрийг төлсөн тохиолдолд Системийг зөвхөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа зориулан ашиглах эрхтэй.
  2. Үйлчилгээний хугацаа
    1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Системд хэрэглэгчээр бүртгүүлснээс эхлэн үйлчилж эхлэх ба Хэрэглэгч Систем дэх бүртгэлээ устгах хүртэл хугацаанд үйлчилнэ.
    2. Энэхүү Үйлчилгээний нөхцлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг нь Хэрэглэгч Систем дэх бүртгэлээ устгасны дараа ч нэгэн адил үйлчилнэ.  
  3. Төлбөр, тооцоо
    1. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцлийн Хавсралтад заасан “eLawyer хуульчийн менежментийн программ хангамж ашигласны төлбөр”-т заасан, Хэрэглэгчийн сонгосон хэрэглээнээс хамаарсан сар бүрийн төлбөр (Үйлчилгээний төлбөр)-ийг төлнө. Үйлчилгээний төлбөр нь Хэрэглэгч төлбөр төлснөөс хойш хуанлийн 1 сарын хугацаанд хамаарна.   
    2. Хэрэглэгч нь сар бүрийн Үйлчилгээний төлбөрийг Системийн вэб хувилбараар дамжуулан зөвшөөрөгдөх хэлбэрээр урьдчилан төлнө. Хуулийн фирмээр системийг ашиглаж буй хэрэглэгчдийн хувьд хуулийн фирмийн бүртгэлийг анх үүсгэсэн хэрэглэгч хуулийн фирмийн бусад хэрэглэгчийн төлбөрийг нийтэд нь төлнө.
    3. Хэрэглэгчдэд Системийн давуу талыг таниулах үүднээс 2019 оны 9-р сарын 1-нийг хүртэл Үйлчилгээний төлбөр тооцогдохгүй.   
    4. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд www.eLawyer.mn вэбсайтад байрлуулсан Үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулна. Өөрчлөлт оруулсан Үйлчилгээний төлбөр нь Хэрэглэгчийн Үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулахаас өмнө төлсөн төлбөрт хамаарах үйлчилгээний хугацаа дууссаны дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
    5. Хэрэглэгч нь Үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн Системд нэмэлт мэдээлэл оруулах, нэмэлт үйлдэл хийх эрхийг хязгаарлана. Харин энэхүү Үйлчилгээний нөхцлийн 8 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Үйлчилгээний төлбөр төлөөгүй тохиолдолд Хэрэглэгчийн Системд нэгэнт оруулсан мэдээлэл устахгүй.
    6. Хэрэглэгч Үйлчилгээний төлбөрийг төлсөн боловч Системийг үргэлжлүүлэн ашиглахгүй болсон тохиолдолд нэгэнт төлөгдсөн Үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй.   
  4. Үйлчилгээний ерөнхий журам
    1. Системд нэг и-мэйл хаягаар нэг бүртгэл үүсгэх боломжтой байна. Бүртгэлтэй и-мэйл хаягийг Үйлчилгээ үзүүлэгчид хандан бүртгэлээс хасуулна.  
    2. Хэрэглэгч нь Системд бүртгүүлэхдээ бие даан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг бол хувь хуульч, өмгөөллийн нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулдаг бол хуулийн фирм гэсэн бүртгэл үүсгэнэ. Бүртгэлтэй хэрэглэгчийг хувь хуульчаас хуулийн фирм рүү, хуулийн фирмээс хувь хуульч болгон өөрчлөх боломжгүй. Хэрэглэгч ийнхүү шилжих хүсэлтэй бол Үйлчилгээ үзүүлэгчид хандан өөрийн и-мэйл хаяг дээр үүсгэсэн бүртгэлийг устгуулсны дараа шинээр бүртгэл үүсгэх байдлаар өөрчлөх боломжтой.  
  5. Хэрэглэгчийн эрх, үүрэг
    1. Хэрэглэгч нь дараах эрх эдэлнэ. Үүнд:  
      1. Энэхүү Үйлчилгээний нөхцлийн дагуу Системийг мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах,
      2. Системийн нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, хэвийн үйл ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргаж шийдвэрлүүлэх,
      3. Системийг ашиглахтай холбоотой заавар, зөвлөгөө, тусламж, үйлчилгээг Үйлчилгээ үзүүлэгчээс авах.
    2. Хэрэглэгч нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
      1. Сар бүрийн Үйлчилгээний төлбөрийг төлөх,  
      2. Системд бүртгүүлсэн өөрийн имэйл хаяг, нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах, бусдад дамжуулахгүй байх,
      3. Энэхүү Үйлчилгээний нөхцлийн тухай бүр шинэчлэгдсэн хувилбартай танилцах,
      4. Өөрийн хэрэглэх эрхээр Системд хийгдсэн үйлдлийн хариуцлагыг хүлээх, Системд нэвтрэх мэдээллээ бусдад алдсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх.  
    3. Хэрэглэгчид дараах зүйлсийг хориглоно. Үүнд:
      1. Системийг хуулбарлах, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, гуравдагч этгээдэд түрээсээр ашиглуулах, санал болгох,
      2. Системийн санаа, модулиуд, үйлдэл, дүрслэл зэргийг хуулбарлах, эсвэл эдгээрийг ашиглан ижил төсөөтэй программ хангамж, бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээх,
      3. Системийг энэхүү Үйлчилгээний нөхцөл эсвэл Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж ашиглах,  
      4. Системийг ашиглан хууль бус, хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулах,
      5. Системийн аюулгүй байдалд халдах, саад учруулах, доголдуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах, Системийг зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүй ашиглах оролдлого хийх,
      6. Системийг вирус болон бусад аюултай зүйлийг хадгалах, дамжуулах зорилгоор ашиглах.
  6. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
    1. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
      1. Үйлчилгээний нөхцөлд дангаараа өөрчлөлт оруулах. Энэ тохиолдолд www.elawyer.mn хаягт байрлах Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулан, өөрчлөлтийн мэдэгдлийг тухай бүр Хэрэглэгчийн имэйл хаягаар дамжуулан өгч, www.elawyer.mn вэбсайт дээр байрлах Үйлчилгээний нөхцлийн Сүүлд шинэчилсэн огноог шинэчилнэ.  
      2. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Системийг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан тохиолдолд Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хязгаарлах, цуцлах,  
      3. Хэрэглэгч Үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх хүртэл Хэрэглэгчийн Системийг ашиглан хийх үйлдлийг хязгаарлах.
    2. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
      1. 24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр Системийн үйл ажиллагааг хариуцаж, Системийн үйл ажиллагааны тасралтгүй, жигд байдлыг хангахад чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авах,
      2. Хэрэглэгчийн Системд оруулсан бүх мэдээллийн аюулгүй байдлыг хангах, гадны халдлагаас хамгаалах шаардлагатай арга хэмжээг авах,
      3. Хэрэглэгчийн Системийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг хүлээн авч, хугацаа алдалгүй шийдвэрлэх,
      4. Хэрэглэгчид утсаар, и-мэйлээр, шаардлагатай тохиолдолд Хэрэглэгчийн байгаа газар очиж Системийн талаар танилцуулга, заавар, мэдээлэл өгөх,
      5. Хэрэглэгчид шаардлагатай техникийн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх.
    3. Үйлчилгээ үзүүлэгчид дараах зүйлсийг хориглоно. Үүнд:
      1. Хэрэглэгчийн Системд хадгалсан аливаа мэдээлэлд шууд хандалт хийх,
      2. Хэрэглэгчийн мэдээллийг Үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах.
  7. Нууцлалын бодлого
    1. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн Системд оруулсан аливаа мэдээллийн нууцыг чандлан хадгалах бөгөөд Системийн мэдээллийн санг бүхий л төрлийн халдлагаас хамгаалах шаардлагатай арга хэмжээг авах үүрэг хүлээнэ.  
    2. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцлийн 7.5 дахь хэсэгт зааснаас өөрөөр Хэрэглэгчийн аливаа мэдээллийг ашиглах, гуравдагч этгээдэд задруулах, дамжуулахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэвтрэх нэр буюу и-мэйл хаяг, нууц үгээ бусдад дамжуулахгүй байж, бусдад задрахаас сэргийлэх арга хэмжээг авах үүрэгтэй. Хэрэглэгч нь и-мэйл хаяг, нууц үгээ бусдад алдсанаас үүдэн учирсан хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.  
    4. Системийг хуулийн фирмийн эрхээр хэрэглэгчдийн хувьд эрх олгогдоогүй этгээдийг хуулийн фирмийн аль нэг хэрэглэгч хуулийн фирмийн хэрэглэгчээр нэмснээс үүдэн гарах хариуцлагыг ийнхүү эрх олгогдоогүй этгээдийг хэрэглэгчээр нэмсэн хэрэглэгч хүлээнэ.  
    5. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн системд бүртгүүлэхдээ ашигласан мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно. Үүнд:
      1. Хэрэглэгчид Системтэй холбоотой мэдээ, мэдээлэл түгээх, тусламж, үйлчилгээ үзүүлэх, 
      2. Хориотой байж болзошгүй эсвэл хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, Үйлчилгээний нөхцлийг мөрдүүлэх.
  8. Үйлчилгээг зогсоох
    1. Дараах тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээг зогсоно. Үүнд:
      1. Хэрэглэгч Үйлчилгээг үргэлжлүүлэхгүйгээр шийдэж, холбогдох төлбөрийг төлөөгүй,
      2. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцлийн 5.3 дахь хэсэгт заасан хориглосон үйлдлийг хийсэн, Үйлчилгээний нөхцлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Системийг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан.
    2. Энэхүү Үйлчилгээний нөхцлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу Үйлчилгээг зогсоосон тохиолдолд Хэрэглэгч нь 90 (ер) хоногийн хугацаанд Системд нэвтэрч, Системд бүртгүүлсэн мэдээллээ харах эрхтэй байна. Үйлчилгээг зогсоосноос хойш 90 (ер) хоног өнгөрсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягаар бүртгэлийг устгах сануулга илгээнэ. Ийнхүү сануулга өгснөөс хойш 10 (арав) хоногийн дотор Хэрэглэгч Үйлчилгээний төлбөрийг төлж, Үйлчилгээг идэвхжүүлээгүй тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн Системд оруулсан аливаа мэдээллийг серверээс бүр мөсөн устгах эрхтэй байна.
    3. Энэхүү Үйлчилгээний нөхцлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу Үйлчилгээг зогсоосон тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид Системд оруулсан мэдээллээ хадгалж авах зорилгоор Системд нэвтрэх тодорхой хугацааны эрх олгож, энэ талаар Хэрэглэгчийн Системд бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдэгдэнэ. Хэрэглэгч нь ийнхүү и-мэйлээр мэдэгдсэн хугацаа өнгөрөхөд Хэрэглэгчийн Систем дэх бүртгэлийг бүр мөсөн устгах эрхтэй байна.
    4. Энэхүү 8 дугаар зүйлд заасны дагуу Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн бүртгэлийг хааж, мэдээллийг устгасны хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
  9. Оюуны өмч
    1. Үйлчилгээ үзүүлэгч нь Системийн хувьд эдийн бус баялгийн эрх, бүтээл ашиглах онцгой эрх, elawyer барааны тэмдэг болон холбогдох бусад бүхий л оюуны өмчийн эрхийг эдэлнэ.
    2. Хэрэглэгч нь зөвхөн энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан нөхцлийн дагуу Системийг ашиглах эрхтэй байх ба Системийн хувьд оюуны өмчийн аливаа эрх эдлэхгүй, аливаа эрх эдлэхээр шаардлага гаргах эрхгүй байна.  
  10. Давагдашгүй хүчин зүйл
    1. Доорх 10.2 дахь хэсэгт заасан Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, доголдол, гэмтэл үүссэн, Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээний нөхцлийг зөрчсөнд тооцогдохгүй ба үүнээс үүдэн Хэрэглэгчид болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
    2. Давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тогтгорыг ойлгоно. Үүнд:
      1. Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хувьсгал,
      2. Байгалийн бүх төрлийн гамшиг;
      3. тэсрэлт, дэлбэрэлт, машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл;  
      4. технологийн дэвшлийг ашиглан урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжгүй Системийн гэмтэл, саатал, эвдрэл;
      5. бүх төрлийн хязгаар хориг, ажил зогсолт, ажил хаялт гэх мэт;
      6. төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж, ажлын байр татан буугдах, эд хөрөнгө дайчлан хураах, нийгэмчлэх.  
  11. Бусад
    1. Хэрэглэгч нь Системтэй холбоотой санал, гомдлоо Үйлчилгээ үзүүлэгчийн 8910-0174, 8910-0184, 8910-0194 дугаарын утсаар болон info@elawyer.mn хаягаар өгөх боломжтой.
    2. Хэрэглэгч болон Үйлчилгээ үзүүлэгч нь Системтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.  

 

 

Үйлчилгээний нөхцлийн Хавсралт

ELAWYER ХУУЛЬЧИЙН МЕНЕЖМЕНТИЙН ПРОГРАММ

ХАНГАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР

  1. Систем нь Хэрэглэгчийн хэрэглээний онцлогоос хамаарсан сар бүрийн дараах төлбөртэй байна. Үүнд:
  1. Нэг хэрэглэгчийн Үйлчилгээний төлбөр нь сар бүрийн 13,000 төгрөг байна.
  2. Хэрэглэгч Үйлчилгээний төлбөрийг улирлаар буюу 3 сараар төлөх тохиолдолд 10%, жилээр буюу 12 сараар төлөх тохиолдолд 20% тус тус хөнгөлнө.
  3. Үйлчилгээний төлбөрийг eLawyer.mn вэб хуудсаар дамжуулан эсвэл Үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрсөн бусад хэлбэрээр урьдчилан төлнө.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn